Ц.АМАРСАНАА: НОГООН БАРИЛГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА НЭН ЧУХАЛ
Ц.АМАРСАНАА: НОГООН БАРИЛГЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА НЭН ЧУХАЛ
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаатай ногоон барилгын салбарын талаар ярилцлаа.
-Танай байгууллага ногоон барилгын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, байгаль орчин, хүний эрүүл мэндэд барилга, байгууламжийн үзүүлдэг сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр хэрхэн ажиллаж, үйл ажиллагаандаа тусгаж байна вэ?
-Монгол Улс Парисын Уур амьсгалын хэлэлцээрт нэгдэн орж, үндэсний хувь нэмрээ тодорхойлж, 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тодорхой хувиар бууруулах амлалт авсан. Эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох барилгын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн арга замыг тодорхойлох нь чухал юм.
Үүний тулд барилга, байгууламжийг байгальд ээлтэй технологиор барих, дулааны алдагдалгүй, эрчим хүч, цэвэр усны хэрэглээг хамгийн бага байлгах, усыг дахин ашиглах технологи нэвтрүүлэх зэрэг олон арга бий. Энэ бүгдийг хангахын тулд нэн тэргүүнд тухайн барилгыг үнэлж, баталгаажуулдаг тогтолцоо хэрэгтэй.
Манай байгууллагын нэг үндсэн чиг үүрэг нь барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, стандарт боловсруулах юм. Барилга барина гэдэг олон цогц зүйлээс бүрдсэн, хариуцлагатай ажил. Ногоон барилгын стандартыг боловсруулж, хэрэгжүүлэхийн тулд бид сүүлийн гурван жил идэвхтэй ажиллаж байна.
Тухайн улсад мөрдөж байгаа норм, дүрмийн шаардлагаас хамаарч ус, эрчим хүчийг 20 хувь хэмнэсэн байх нь ногоон барилгын стандартад нийцэх чухал үзүүлэлт болдог. Энэ ажлын хүрээнд манай байгууллага 2020 оноос барилгын халаалт, агаар сэлгэлтийн дулааны эрчим хүчний хэрэгцээний нормчилсон үзүүлэлтийг бууруулсан тооцоолол дээр үндэслэн ногоон барилгын эрчим хүчний гэрчилгээг зураг төсөлд нь олгодог болсон. Өөрөөр хэлбэл, “Барилгын дулаан хамгаалалт” /БНбД 25-01-20/ нормын дагуу тооцооллыг зураг төсөлдөө гүйцэтгэсэн эсэхийг экспертүүд хянаж, баталгаажуулсны дараа энэхүү гэрчилгээг олгодог.
Мөн “Ногоон барилгын хүрээлэн” ТББ-тай хамтран ногоон барилгын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх судалгаа, аргачлалыг боловсруулж байна.
Байгаль орчин, хүний эрүүл мэндэд барилга, байгууламжийн үзүүлдэг сөрөг нөлөөг бууруулах, нөөц баялгийг илүү үр ашигтай зарцуулах боломжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ногоон барилгын зохицуулалтын талаар тусдаа бүлэг оруулсан.
Ногоон барилгын эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд бусад дэд бүтцийн салбар хоорондын зохицуулалт, уялдааг сайжруулах шаардлага байгаа. Үүний тулд нийтийн эрүүл мэнд, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, даатгалын салбарын шинэчлэлийг хооронд нь уялдуулах ёстой. Мөн улсын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэргийн анги, засан хүмүүжүүлэх газар, соёлын төв зэргийг ногоон барилгын тодорхой шаардлагыг заавал хангасан байхаар Төсвийн тухай хуульд тусгаж, олон улсын жишигт хүргэхээр зорьж байна.
-Эхний ээлжинд улсын сургууль, цэцэрлэг, эмнэлгийг “ногоон барилга”-ын стандартад нийцүүлэх тухай ярьж байгаа. Энэ ажил хэр амжилттай, урагштай байна вэ?
-Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын дотоод орчин нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхад анхаарч, тодорхой ажлууд хийж байгаа.
Ялангуяа нярайн болон цэцэрлэгийн насны хүүхдүүд, сургуулийн сурагчдын эрүүл мэндэд дотоод агаарын чанар ихээхэн нөлөө үзүүлдэг. Дотоод агаарын чанарын олон улсад түгээмэл хэрэглэгддэг үзүүлэлтүүдэд нүүрсхүчлийн хий, радон, агаарын исэлдэх чанар, формальдегид болон агаар дахь тоосонцрын хэмжээг заах үзүүлэлт (PM10, PM2.5) багтдаг. Тиймээс эдгээр үзүүлэлтийг Монголын ногоон барилгын шалгуур үзүүлэлт болгох нь нийтийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.
Энэ ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд барилгын материалд шинжилгээ, туршилт хийх шинэ лабораторийг ашиглалтад оруулсан. Дотоод агаарын чанарт нөлөөлөх заслын болон дулаалгын материалд хүний биед хортой нөлөө үзүүлэх үзүүлэлтүүдийг шалгах багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангахаар ажиллаж байна.
Тухайн тоног төхөөрөмжөөр дотоод орчны бохирдлыг хянах ерөнхий стандартуудыг “Ногоон титэм” ХХК, “Сүмбэр кемикалс” ХХК-тай хамтран боловсруулсан. Ингэснээр хил гаалиар орж ирж байгаа барилгын материалд чанарын хяналт тавих юм.
-Дөрвөн улирлын онцлогоос хамаарч дулааны алдагдал өндөр, нарны эрчим хүчийг ашигладаггүй, усны зарцуулалт өндөр зэрэг эдийн засгийн хувьд урсгал зардал ихтэй байдаг. Эдгээрийг бууруулж, ногоон болгоход ямар асуудал, бэрхшээл тулгарч байна вэ?
-Дэлхийн Банкны зөвлөснөөр барилгын тэсвэрлэх чадварыг сайжруулах нь үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, зээлийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Иймд ногоон барилгын үнэлгээнд тэсвэржилт байх ёстой гэж үзсэн. Энэ нь Монголын ногоон барилгын зэрэглэлийн нэршлийн олон улсын үзүүлэлтээс ялгарах онцлог юм.
Улсын төсвөөр баригдах барилга байгууламжийн төрлөөс хамаарч ногоон барилгын шалгуур үзүүлэлтүүдийг заавал биелүүлэх гэсэн шаардлагыг тусгах нь зүйтэй. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн барилгын дотоод агаарын чанар, хүртээмжтэй байдалд анхаарах шаардлагатай.
Эдийн засгийн үүднээс авч үзвэл ногоон барилгууд үнэ цэнээ удаан хадгалахаас гадна ашиглалтын болон засвар үйлчилгээний зардал багатай. Ногоон барилга барьснаар зардлыг бууруулж, үл хөдлөх хөрөнгийн дахин борлуулалтын үнэ цэнийг өсгөж, түрээсийн болон бусад орлогыг нэмэгдүүлэх боломжтой.
-Монголын барилгын салбарт ногоон стандартыг нэвтрүүлэх, түүнийг мөрдүүлэх боломж бий юу? Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Соён гэгээрүүлэх, мэдээлэл хуваалцах, боловсрол мэдлэг олгох болон хэрэглэгчийн зан төлөв нь ногоон, тогтвортой барилгын чухал шинж чанар юм. Зөвхөн төлөвлөх, барьж байгуулах шалгуур үзүүлэлтүүдээс гадна ашиглалтын үеийн хэрэглэгчийн зан үйл, сонголттой холбоотой шалгуурууд байдаг.
Үүнд, хог хаягдлаа ялган ангилах, ашиглаагүй цахилгаан хэрэгслийг унтраах, эрчим хүчээ хэмнэх, химийн хоргүй, хүний биед ээлтэй цэвэрлэгээний бодис сонгох зэрэг олон нөлөөллийг тооцоолох ёстой. Тиймээс ногоон барилгын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах хэрэгтэй байна. Хэрэглэгчийн сэтгэлгээг өөрчилснөөр илүү тогтвортой, ногоон ирээдүйг түүчээлэх боломж нээгдэнэ.
Монгол Улсын үндэсний ногоон барилгын үнэлгээний аргачлалыг баталсны дараа олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, дүйцүүлэх ажлыг төлөвлөгөө, үе шаттай гүйцэтгэх шаардлагатай. Тухайлбал, түнш орнуудтай барилгын салбарт хийх хоёр болон олон талт харилцаанд “BestGER” нэр томьёог ашиглах, олон улсын байгууллагууд, тэр дундаа банк санхүүгийн байгууллагыг татан оролцуулах хэрэгтэй. Мөн “Монголын ногоон барилгын хүрээлэн”, “Дэлхийн Ногоон Барилгын Зөвлөл”-ийн гишүүнээр элсэх, “GreenBuild” зэрэг ногоон барилгын олон улсын арга хэмжээнд оролцох ёстой.
Мөн манай улсад ногоон барилгын зэрэглэлийг үнэлэх, тогтооход мэдлэг чадвартай мэргэшсэн хүний нөөц шаардлагатай байна.